Sunday, February 5, 2012

Амжилтанд хүрэх 9 алхам


Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү.
Нэг. Би чадна 
Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй.
Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

Хоёр. Төлөвлө 
Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна.
Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

Гурав. Буцах гүүрээ “шатаа”
Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.
 
Дөрөв. Шийдвэртэй байдлаа хадгал 
Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.
 
Тав. Шинэ зам хай
Шинийг эрэлхийлэгч л жинхэнэ амжилтад хүрч чадна. Амжилтанд хүрэгч нь шинийг эрэлхийлдэг бол дархан хүн нэг зүйлийг дахин давтан хийдэг. Амжилтад хүрэгч нь зорьсон газартаа хүрээд зогсдоггүй бол дархан хүн юу чаддагаа л давтан хийсээр байдаг. Асуудлыг шийдэх шинэ замыг эрэлхийл.
Тухайлбал: Та ямар нэг төсөл бэлэн болгох хэрэгтэй байг. Хамт ажилладаг хүнийхээ яаруу сандруу хийснээр нь бус өөрийнхөө санаа оноогоор хий. Гэхдээ мэдээж хэрэг нэг биш бүр хэд хэдэн санаа гарга. Асуудлыг шийдэх тав эсвэл арван хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн эхний хувилбарыг та бараг хэзээ ч ашиглахгүй байх шүү. Шинэ санаа олох эхэндээ хэцүү байдаг, гэхдээ хэн ч ийм авьяастай төрдөггүй, энэ нь зөвхөн туршлаган дээр тулгуурлаж л бий болдог юм.
Зургаа. Just do it!
Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно.
Ийм боломжийг алдаж болохгүй. Бүр шөнө дунд ч сонирхолтой санаа төрлөө гэхэд залхуурч хэрэггүй, ядаж бичээд төлөвлөөд авчих. Минутын дотор янзалчих зүйлсийг “Кофе уусны дараа” хэмээн хойшлуулах нь утгагүй хэрэг.
 
Долоо. Зорилгоо харах 
Ой ухаандаа зорилгоо байнга сануулж байх хэрэгтэй. Нэг ийм адилтгал байдаг. “Та огт танихгүй хотод очиод хаанаас нь ч харагдах өндөр байшинд очих хэрэгтэй болж” Тэгвэл очих байшин чинь нэгэнт харагдаж байхад аль ч замыг сонгож болно биз дээ. Үүнтэй нэг адил зорилгоо өөрийн боломжийн хүрээнд харах хэрэгтэй. Бодит амьдрал дээр маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймд хөл дээрээ бат зогссон үедээ урагш алхахдаа зорилгоо харагдах хүрээнд барьж байх хэрэгтэй. Тэгвэл зам аяндаа олдоно.

Найм. Эерэгээр сэтгэ 
Зорилгодоо хүрэх нь нэн таатай хэрэг ч амаргүй даваа. Энэ хугацаанд юу ч тохиолдож болно. Гол нь түр зуурын саад бэрхшээлийг сүйрэл мэт хүлээн авахын хэрэггүй. Зорилгод хүрэх замд хөөрөлт, ялагдал аль нь ч байхгүй зөвхөн дээш өгсөх шат л байна. Дүлий хана ч бас шат. Хэсэг зуур ч гэсэн бие сэтгэлээ тайвшруулж сур. Тулгарсан асуудалд хошигнон, егөөтөй ханд. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
Эерэг бодол санаа нь хамгийн зөв зуршил. Танд хүнд өдрүүд тохиож байсан уу? Тэгвэл сэтгэлээр унахын оронд хамгийн сайхан хувцаслаж, хамгийн үнэтэй кофе уу. Толинд өөрийгөө хараад инээмсэглэж, ялагчийн дүртэйгээр гэрээсээ гар. Энэ өдөр таны өдөр байх болно. Яагаад гэвэл та шийдвэрээ гаргасан.

Ес. Энергийн эх үүсвэрийг хай
Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагдана. Баян, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүс их энерги цацруулж байдаг. Тийм дээ ч амралтын өдөр ч амралгүй, хэд хэдэн ажлыг нэг зэрэг хийж, нэг жил хийдэг ажлыг долоо хоногт л амжуулдаг юм. Өөртөө энергийн эх үүсвэрийг эрж ол.
Нэгд: муу зуршлаасаа сал. Хоёрт: хоолныхоо цэсэндээ анхаар. Гуравт: аминдэм хэрэглэ. Дөрөвт: йог, цигунээр хичээллэж бясалгалд суралцах хэрэгтэй. 

No comments:

Post a Comment