Sunday, February 5, 2012

Монголчууд мөхөж буй үндэстэн гэж үү?


Mонгол Улсад 1918 онд хүн ам, хөрөнгийн тооллого явагджээ. Энэ бол шинэ тулгар монгол улс анх удаа хүн ам, мал хөрөнгөө бүртгэсэн хэрэг байв. Хүн амын тооллогыг явуулах тухай Засгийн газраас албан ёсны хөтөлбөр гараагүй бөгөөд тооллогын хугацааны тов тогтоолгүй хүн амын тооллого явуулжээ. Tооллогыг явуулахад багагүй эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байсан тул Богд хаан тусгайлан зарлиг гаргахад хүрчээ. Зарлигт “.. аймаг хошуу хүн ам, хөрөнгө малын тоогоо үнэн бүрнээр тодорхойлж ирүүлэх ахул энэ биед гавъяа бүхий байтугай, эцэст амгалан орноо төрнө. Хэрэв миний зарлигийг зөрчиж нуун далдалбаас энэ биед ял зэмлэлтэйгээр үл барам эцэст муу заяанаа төрнө” гэж лүндэгнэжээ. Tооллогын үеэр хүн амын тоог дарах нуух явдал гарч байсан ч энэ нь их хэмжээтэй байсан байх үндэсгүй юм. Учир нь тухайн цаг үед албан татварыг хүн амаас авдаггүй, малын тоог харгалзан өрх аж ахуйгаас авдаг, нөгөөтэйгүүр нэг хошууны хүн ам төдий л олонгүйн дээр хүмүүс нутаг хошууны хүмүүсээ нэгд нэгэнгүй мэддэг байсан тул хүн амын тоог дарах нуух шаардлагагүй байсан мэт.
 
Нөгөөтэйгүүр уг тооллогод эмс, охидыг анх удаа бүртгэсэн нь нэг гол онцлог юм. Харин мал, хөрөнгийг нуух хаах явдал нэлээдгүй гарч байсан бололтой. тиймээс энэ мэт хэргийг таслан шийтгэж үнэн мөнөөр тогтоох явдалд онцгой анхаарч байв. тухайлбал, Дотоод явдлын яамны хашаанд тусгай гэр, банз шаахай, жанчих хиа хуяг бэлтгэж, тус яамны эрхэлсэн түшмэл Санжмятав, их шавийн зайсан лам нар тэргүүлэн үнэн тоог дарагдуулсан зарим хошууны түшмэдийг шийтгэхээр зэхэж байсан баримт бий.

Энэ удаагийн тооллогоор зөвхөн Халхын дөрвөн аймгийн хүн амыг тоолсон бөгөөд харин Ховдын хязгаарын хүн ам, Богдын их шавийн хүн ард, мөн гадаадын харьяат нарыг хамруулаагүй юм. Халхын дөрвөн аймгийн 104 хошууны хүн амын тоо 405 707 байсан тухай тооллогын баримтад тэмдэглэгджээ. Үүнд Сайн ноён хан аймгийн 32 хошуунд 133 748, Сэцэн хан аймгийн 28 хошуунд 101 676, түшээт хан аймгийн 21 хошуунд 100132, Засагт хан аймгийн 23 хошуунд 70 151 хүн байсан гэж тоологджээ.



Энэ тооллогын баримтыг 1919 онд шинжилгээний анги ахлан монгол орноор аялсан академич И.M.Mайский олж аваад “орчин үеийн монгол” судалгааны бүтээлдээ ашиглажээ. Tэрээр Халхын дөрвөн аймагт шинээр албан татвар нэмэгдэхээс болгоомжлон хүн амаа дутуу бүртгүүлсэн тал байна гэж дүгнээд Ховдын хязгаарын дөрвөдийн хоёр аймагт 50 000 хүн, Хөвсгөл хавийн Богдын их шавьд 16 000, мөн халх дөрвөн аймгийн нутаг дахь Богд гэгээн болон бусад хутагтын шавь нар 70 000 орчим хүн байсан гэж тооцоолж Mонгол хүн ам 1918 онд ойролцоогоор 542 мянга байсан, үүн дээр 100 мянган хятад иргэн, 5000 орос хүн Mонголд байсан гэж үзээд Mонголын нийт хүн ам 647 504 мянга гэж тогтоожээ.
 
Энэ тоог эрдэмтэн O.Пүрэв нягтлан судлаад ”Mонгол Улсын төр, хүн ам, эдийн засгийн түүхэн газарзүй” бүтээлдээ И.Mайскийн тооцоонд тусгагдаагүй хүн амын дундаж тоо 381 мянга гээд үүний сацуу Алтайн урианхай 17,4 мянга, хасаг 45,2 мянга, торгууд 3,2 мянга, дарьганга 1,2 мянга, хөвсгөл нуурын урианхай 1,3 мянган хүн байсныг нийлүүлбэл 68,3 мянга буюу Mонголын нийт хүн амын тоо 729,6 мянга байсан гэж үзжээ. 1918 оны хүн амын тооллогын баримт бүрэн биш учраас ХХ зууны эхэн үеийн монголын хүн амын өсөлтийн хувь хэмжээ, нас хүйсийн бүтэц, хүйсийн харьцаа, нягтрал зэрэг олон үзүүлэлтийг тодорхойлон тогтоох боломж хомсхон байгаа юм. Гэхдээ 1915-1916 онд Сангийн яамны зөвлөх Козины удирдсан шинжилгээний ангийн авсан хүн амын судалгааны баримтууд нөхвөр мэдээ болж өгч байна. 1918 оны үед аймаг, хошуудын хүн амын тоо ихээхэн хэлбэлзэлтэй байжээ. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу 24,219 хүн тоолуулж хамгийн олон хүнтэй хошуунд тооцогдож байсан бол Сэцэн хан аймгийн Хүчит вангийн хошуу ердөө 149 хүнтэй байжээ.

Хүн амын нягтрал орон даяар тун бага, 1 км2 нутагт 0,4 хүн ногдож байв. Энэ үед монголчуудын 15-20 хувь нь хот сууринд, 80 гаруй хувь нь хөдөөд оршин сууж байжээ. Нийслэл Хүрээ 30 мянга гаруй, Ховд, Улиастай, мөрөн, Эрдэнэ зуу, Сан бэйсийн зэрэг голлох суурин хүрээ газарт 2-3 мянга Mонголчууд оршин сууж байсан бөгөөд хотод оршин суугчдын олонх нь лам нар байжээ. Хотын хүн амын бараг тал хувийг хятад худалдаачид, төвд лам, оросын иргэд, цагаачид эзэлж байв.

Профессор Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа, өсөлтийн хувийг дэлхийн хүн амын хөгжлийн ерөнхий түвшинтэй харьцуулан судалж дүгнэжээ. Хүн ам зүйн судалгааны практикт эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх насыг 15-49, үүний дотор идэвхтэй 20-29 нас гэж үздэг бөгөөд 1915-16 оны үед монголын эмэгтэйчүүдийн 44 илүү хувь нь төрөх насны, төрөх насны нийт эмэгтэйчүүдийн 50,8 хувь нь хүүхэд идэвхтэй төрүүлэх насныхан байгаа нь төрөлтөд хүн амын хүчин зүйлийн нөлөө нэлээд боломжийн байсныг харуулдаг.

Нөгөөтэйгүүр нийт хүн амд 18 нас хүртлэх хүүхдийн эзлэх хувийн жин 25 хувиас дээш байвал ерөнхийдөө залуу бүтэцтэй улс гэж үздэг. Энэ үзүүлэлт манай орны хувьд 26-40 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт юм. Хүн амын өсөлтийн ерөнхий түвшинг харуулдаг нэг чухал параметр бол өрхийн ам бүлийн тоо юм.

1918 оны тооллогоор нэг өрхийн ам бүлийн дундаж тоо түшээт хан аймагт 4,8, Сайн ноён хан аймаг, Засагт хан аймагт 4,3-4,4, Сэцэн хан аймагт 4,0 байжээ. тухайн үед өрхийн ам бүлийн дундаж тоо Францад 3,6, Герман Италид 4,6, Англи Америкт 4,7, Японд 5,1 байсантай харьцуулахад энэ үзүүлэлт ойролцоо байгаа нь монголчууд мөхөж байгаа гэж үзэж асан эрдэмтэд, жуулчдын дүгнэлт үндэсгүй болохыг нотлож байгаа юм. Гэхдээ эрэгтэйчүүдийн 40 гаруй хувийг лам нар эзэлж байсан, элдэв төрлийн халдварт өвчнүүд, үүний дотор бэлгийн халдварт өвчний тархалт өндөр байсан зэргээс үүдэн хүн амын нөхөн үржихүй, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна эдийн засаг, эрхлэх аж ахуй, соёл уламжлал гээд нийгмийн бусад хүчин зүйлүүд хүн амын өсөлтөд нөлөөлж байв. “Цэвэр цус”-аа хадгалахыг эрмэлздэг, түүгээрээ аархдаг монголчууд түүхэндээ хэзээ ч сая хүрч байсангүй. Харин ХХ зуунд монголчууд хоёр сая дахь иргэнээ тосч авсан. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж хэлцдэг, хүүхдэд уулаас хайртай зан чанараараа монголчууд мөхөх бус сэхэх үндэстэн юм гэдгээ хэдийнээ харуулсан билээ.

No comments:

Post a Comment