Sunday, February 5, 2012

Монголчууд мөхөж буй үндэстэн гэж үү?


Mонгол Улсад 1918 онд хүн ам, хөрөнгийн тооллого явагджээ. Энэ бол шинэ тулгар монгол улс анх удаа хүн ам, мал хөрөнгөө бүртгэсэн хэрэг байв. Хүн амын тооллогыг явуулах тухай Засгийн газраас албан ёсны хөтөлбөр гараагүй бөгөөд тооллогын хугацааны тов тогтоолгүй хүн амын тооллого явуулжээ. Tооллогыг явуулахад багагүй эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байсан тул Богд хаан тусгайлан зарлиг гаргахад хүрчээ. Зарлигт “.. аймаг хошуу хүн ам, хөрөнгө малын тоогоо үнэн бүрнээр тодорхойлж ирүүлэх ахул энэ биед гавъяа бүхий байтугай, эцэст амгалан орноо төрнө. Хэрэв миний зарлигийг зөрчиж нуун далдалбаас энэ биед ял зэмлэлтэйгээр үл барам эцэст муу заяанаа төрнө” гэж лүндэгнэжээ. Tооллогын үеэр хүн амын тоог дарах нуух явдал гарч байсан ч энэ нь их хэмжээтэй байсан байх үндэсгүй юм. Учир нь тухайн цаг үед албан татварыг хүн амаас авдаггүй, малын тоог харгалзан өрх аж ахуйгаас авдаг, нөгөөтэйгүүр нэг хошууны хүн ам төдий л олонгүйн дээр хүмүүс нутаг хошууны хүмүүсээ нэгд нэгэнгүй мэддэг байсан тул хүн амын тоог дарах нуух шаардлагагүй байсан мэт.
 
Нөгөөтэйгүүр уг тооллогод эмс, охидыг анх удаа бүртгэсэн нь нэг гол онцлог юм. Харин мал, хөрөнгийг нуух хаах явдал нэлээдгүй гарч байсан бололтой. тиймээс энэ мэт хэргийг таслан шийтгэж үнэн мөнөөр тогтоох явдалд онцгой анхаарч байв. тухайлбал, Дотоод явдлын яамны хашаанд тусгай гэр, банз шаахай, жанчих хиа хуяг бэлтгэж, тус яамны эрхэлсэн түшмэл Санжмятав, их шавийн зайсан лам нар тэргүүлэн үнэн тоог дарагдуулсан зарим хошууны түшмэдийг шийтгэхээр зэхэж байсан баримт бий.

Энэ удаагийн тооллогоор зөвхөн Халхын дөрвөн аймгийн хүн амыг тоолсон бөгөөд харин Ховдын хязгаарын хүн ам, Богдын их шавийн хүн ард, мөн гадаадын харьяат нарыг хамруулаагүй юм. Халхын дөрвөн аймгийн 104 хошууны хүн амын тоо 405 707 байсан тухай тооллогын баримтад тэмдэглэгджээ. Үүнд Сайн ноён хан аймгийн 32 хошуунд 133 748, Сэцэн хан аймгийн 28 хошуунд 101 676, түшээт хан аймгийн 21 хошуунд 100132, Засагт хан аймгийн 23 хошуунд 70 151 хүн байсан гэж тоологджээ.



Энэ тооллогын баримтыг 1919 онд шинжилгээний анги ахлан монгол орноор аялсан академич И.M.Mайский олж аваад “орчин үеийн монгол” судалгааны бүтээлдээ ашиглажээ. Tэрээр Халхын дөрвөн аймагт шинээр албан татвар нэмэгдэхээс болгоомжлон хүн амаа дутуу бүртгүүлсэн тал байна гэж дүгнээд Ховдын хязгаарын дөрвөдийн хоёр аймагт 50 000 хүн, Хөвсгөл хавийн Богдын их шавьд 16 000, мөн халх дөрвөн аймгийн нутаг дахь Богд гэгээн болон бусад хутагтын шавь нар 70 000 орчим хүн байсан гэж тооцоолж Mонгол хүн ам 1918 онд ойролцоогоор 542 мянга байсан, үүн дээр 100 мянган хятад иргэн, 5000 орос хүн Mонголд байсан гэж үзээд Mонголын нийт хүн ам 647 504 мянга гэж тогтоожээ.
 
Энэ тоог эрдэмтэн O.Пүрэв нягтлан судлаад ”Mонгол Улсын төр, хүн ам, эдийн засгийн түүхэн газарзүй” бүтээлдээ И.Mайскийн тооцоонд тусгагдаагүй хүн амын дундаж тоо 381 мянга гээд үүний сацуу Алтайн урианхай 17,4 мянга, хасаг 45,2 мянга, торгууд 3,2 мянга, дарьганга 1,2 мянга, хөвсгөл нуурын урианхай 1,3 мянган хүн байсныг нийлүүлбэл 68,3 мянга буюу Mонголын нийт хүн амын тоо 729,6 мянга байсан гэж үзжээ. 1918 оны хүн амын тооллогын баримт бүрэн биш учраас ХХ зууны эхэн үеийн монголын хүн амын өсөлтийн хувь хэмжээ, нас хүйсийн бүтэц, хүйсийн харьцаа, нягтрал зэрэг олон үзүүлэлтийг тодорхойлон тогтоох боломж хомсхон байгаа юм. Гэхдээ 1915-1916 онд Сангийн яамны зөвлөх Козины удирдсан шинжилгээний ангийн авсан хүн амын судалгааны баримтууд нөхвөр мэдээ болж өгч байна. 1918 оны үед аймаг, хошуудын хүн амын тоо ихээхэн хэлбэлзэлтэй байжээ. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу 24,219 хүн тоолуулж хамгийн олон хүнтэй хошуунд тооцогдож байсан бол Сэцэн хан аймгийн Хүчит вангийн хошуу ердөө 149 хүнтэй байжээ.

Хүн амын нягтрал орон даяар тун бага, 1 км2 нутагт 0,4 хүн ногдож байв. Энэ үед монголчуудын 15-20 хувь нь хот сууринд, 80 гаруй хувь нь хөдөөд оршин сууж байжээ. Нийслэл Хүрээ 30 мянга гаруй, Ховд, Улиастай, мөрөн, Эрдэнэ зуу, Сан бэйсийн зэрэг голлох суурин хүрээ газарт 2-3 мянга Mонголчууд оршин сууж байсан бөгөөд хотод оршин суугчдын олонх нь лам нар байжээ. Хотын хүн амын бараг тал хувийг хятад худалдаачид, төвд лам, оросын иргэд, цагаачид эзэлж байв.

Профессор Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн монгол Улсын хүн амын хүйсийн харьцаа, өсөлтийн хувийг дэлхийн хүн амын хөгжлийн ерөнхий түвшинтэй харьцуулан судалж дүгнэжээ. Хүн ам зүйн судалгааны практикт эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх насыг 15-49, үүний дотор идэвхтэй 20-29 нас гэж үздэг бөгөөд 1915-16 оны үед монголын эмэгтэйчүүдийн 44 илүү хувь нь төрөх насны, төрөх насны нийт эмэгтэйчүүдийн 50,8 хувь нь хүүхэд идэвхтэй төрүүлэх насныхан байгаа нь төрөлтөд хүн амын хүчин зүйлийн нөлөө нэлээд боломжийн байсныг харуулдаг.

Нөгөөтэйгүүр нийт хүн амд 18 нас хүртлэх хүүхдийн эзлэх хувийн жин 25 хувиас дээш байвал ерөнхийдөө залуу бүтэцтэй улс гэж үздэг. Энэ үзүүлэлт манай орны хувьд 26-40 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт юм. Хүн амын өсөлтийн ерөнхий түвшинг харуулдаг нэг чухал параметр бол өрхийн ам бүлийн тоо юм.

1918 оны тооллогоор нэг өрхийн ам бүлийн дундаж тоо түшээт хан аймагт 4,8, Сайн ноён хан аймаг, Засагт хан аймагт 4,3-4,4, Сэцэн хан аймагт 4,0 байжээ. тухайн үед өрхийн ам бүлийн дундаж тоо Францад 3,6, Герман Италид 4,6, Англи Америкт 4,7, Японд 5,1 байсантай харьцуулахад энэ үзүүлэлт ойролцоо байгаа нь монголчууд мөхөж байгаа гэж үзэж асан эрдэмтэд, жуулчдын дүгнэлт үндэсгүй болохыг нотлож байгаа юм. Гэхдээ эрэгтэйчүүдийн 40 гаруй хувийг лам нар эзэлж байсан, элдэв төрлийн халдварт өвчнүүд, үүний дотор бэлгийн халдварт өвчний тархалт өндөр байсан зэргээс үүдэн хүн амын нөхөн үржихүй, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна эдийн засаг, эрхлэх аж ахуй, соёл уламжлал гээд нийгмийн бусад хүчин зүйлүүд хүн амын өсөлтөд нөлөөлж байв. “Цэвэр цус”-аа хадгалахыг эрмэлздэг, түүгээрээ аархдаг монголчууд түүхэндээ хэзээ ч сая хүрч байсангүй. Харин ХХ зуунд монголчууд хоёр сая дахь иргэнээ тосч авсан. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж хэлцдэг, хүүхдэд уулаас хайртай зан чанараараа монголчууд мөхөх бус сэхэх үндэстэн юм гэдгээ хэдийнээ харуулсан билээ.

Амжилтанд хүрэх 9 алхам


Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү.
Нэг. Би чадна 
Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй.
Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

Хоёр. Төлөвлө 
Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна.
Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

Гурав. Буцах гүүрээ “шатаа”
Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.
 
Дөрөв. Шийдвэртэй байдлаа хадгал 
Таны оюун ухаан тодорхой, товч тушаалыг хүлээж байгаа. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ? Амжилтад хүрэх хүсэлтэй хэний боловч хамгийн чухал зан чанар нь шийдмэг байх явдал. Алдартай зкохиолч Брайан Трейсигийн зөвлөснөөр, “ Би өөртөө таалагддаг”, “ Би үүнийг хийж чадна” эсвэл “Би жилд …хэмжээний мөнгө олно” зэргээр өөрийн дотоод ухамсараа байнга цэнэглэж байх хэрэгтэй аж. Иймд шийдэмгий байж чадвал бүх хаалга таны өмнө нээгдэх болно.
 
Тав. Шинэ зам хай
Шинийг эрэлхийлэгч л жинхэнэ амжилтад хүрч чадна. Амжилтанд хүрэгч нь шинийг эрэлхийлдэг бол дархан хүн нэг зүйлийг дахин давтан хийдэг. Амжилтад хүрэгч нь зорьсон газартаа хүрээд зогсдоггүй бол дархан хүн юу чаддагаа л давтан хийсээр байдаг. Асуудлыг шийдэх шинэ замыг эрэлхийл.
Тухайлбал: Та ямар нэг төсөл бэлэн болгох хэрэгтэй байг. Хамт ажилладаг хүнийхээ яаруу сандруу хийснээр нь бус өөрийнхөө санаа оноогоор хий. Гэхдээ мэдээж хэрэг нэг биш бүр хэд хэдэн санаа гарга. Асуудлыг шийдэх тав эсвэл арван хувилбарыг гаргах хэрэгтэй. Хамгийн эхний хувилбарыг та бараг хэзээ ч ашиглахгүй байх шүү. Шинэ санаа олох эхэндээ хэцүү байдаг, гэхдээ хэн ч ийм авьяастай төрдөггүй, энэ нь зөвхөн туршлаган дээр тулгуурлаж л бий болдог юм.
Зургаа. Just do it!
Одоо хийж болох зүйлийг маргааш гэж хэзээ ч битгий хойшлуул. Хийгээгүйн нэг эсвэл зуун шалтгааныг хайж олох хэрэггүй. Ямар нэг шилдэг санаа төрмөгц түүнийг дэр дор нь хэрэгжүүлж эхэл. Тэгвэл тэр мөчөөс л төсөөлөх аргагүй сайхан мэдрэмж, их эрч хүч, баяр баясгаланг мэдрэх болно.
Ийм боломжийг алдаж болохгүй. Бүр шөнө дунд ч сонирхолтой санаа төрлөө гэхэд залхуурч хэрэггүй, ядаж бичээд төлөвлөөд авчих. Минутын дотор янзалчих зүйлсийг “Кофе уусны дараа” хэмээн хойшлуулах нь утгагүй хэрэг.
 
Долоо. Зорилгоо харах 
Ой ухаандаа зорилгоо байнга сануулж байх хэрэгтэй. Нэг ийм адилтгал байдаг. “Та огт танихгүй хотод очиод хаанаас нь ч харагдах өндөр байшинд очих хэрэгтэй болж” Тэгвэл очих байшин чинь нэгэнт харагдаж байхад аль ч замыг сонгож болно биз дээ. Үүнтэй нэг адил зорилгоо өөрийн боломжийн хүрээнд харах хэрэгтэй. Бодит амьдрал дээр маш олон саад бэрхшээл тулгардаг. Тиймд хөл дээрээ бат зогссон үедээ урагш алхахдаа зорилгоо харагдах хүрээнд барьж байх хэрэгтэй. Тэгвэл зам аяндаа олдоно.

Найм. Эерэгээр сэтгэ 
Зорилгодоо хүрэх нь нэн таатай хэрэг ч амаргүй даваа. Энэ хугацаанд юу ч тохиолдож болно. Гол нь түр зуурын саад бэрхшээлийг сүйрэл мэт хүлээн авахын хэрэггүй. Зорилгод хүрэх замд хөөрөлт, ялагдал аль нь ч байхгүй зөвхөн дээш өгсөх шат л байна. Дүлий хана ч бас шат. Хэсэг зуур ч гэсэн бие сэтгэлээ тайвшруулж сур. Тулгарсан асуудалд хошигнон, егөөтөй ханд. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
Эерэг бодол санаа нь хамгийн зөв зуршил. Танд хүнд өдрүүд тохиож байсан уу? Тэгвэл сэтгэлээр унахын оронд хамгийн сайхан хувцаслаж, хамгийн үнэтэй кофе уу. Толинд өөрийгөө хараад инээмсэглэж, ялагчийн дүртэйгээр гэрээсээ гар. Энэ өдөр таны өдөр байх болно. Яагаад гэвэл та шийдвэрээ гаргасан.

Ес. Энергийн эх үүсвэрийг хай
Амжилтанд хүрэхэд илүү их энерги шаардагдана. Баян, алдартай, амжилтанд хүрсэн хүмүүс их энерги цацруулж байдаг. Тийм дээ ч амралтын өдөр ч амралгүй, хэд хэдэн ажлыг нэг зэрэг хийж, нэг жил хийдэг ажлыг долоо хоногт л амжуулдаг юм. Өөртөө энергийн эх үүсвэрийг эрж ол.
Нэгд: муу зуршлаасаа сал. Хоёрт: хоолныхоо цэсэндээ анхаар. Гуравт: аминдэм хэрэглэ. Дөрөвт: йог, цигунээр хичээллэж бясалгалд суралцах хэрэгтэй. 

Хамгийн их хэрэгцээтэй мэргэжлүүд


1.Програм хангамжийн инженер

 
Жилийн орлого/цалин дундажаар 80,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 46 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 44,800.

Энэхүү мэргэжлийн давуу тал нь зайнаас ажиллах боломж юм. Эдийн засгийн бүх салбарт эдгээр хүмүүс маш их шаардлагатай байгаа ч гэсэн хэр барагийн хүн бас энэ ажлыг хийж чадахгүй. Мэргэжлийн хувьд математикийн мэдлэг болон дүн шинжилгээ хийх чадвар шаардагдахаас гадна томоохон компаниудад ажиллахад тэр болгон нээлттэй, креатив орчин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болдог.
Сул тал: яваандаа нүдний хараа муудаж, нуруу өвддөг болдог.

2.Коллежийн багш


 
Жилийн орлого/цалин дундажаар 81,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 31 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 95,300.
 
Мөн профессор эсвэл коллежийн багш их эрэлт хэрэгцээтэй байна. Учир нь коллежид суралцагчдын тоо байнга өсч байна. Судлаачдын үзэж байгаагаар багш өөрөө цагийнхаа хуваарийг гаргаж, мөн дресс-кодгүй байдаг нь яалт ч үгүй энэ мэргэжлийн давуу тал гэжээ. Мэдээж хэрэг эхэндээ бага цалинтай байх ч гэсэн мэргэжлийн хувьд өсөх бүрэн боломжтой байдаг. Боловсролын салбарт хамгийн өндөр цалинждаг албан тушаал бол их сургуулийн ерөнхийлөгч байдаг.

3. Санхүүгийн зөвлөх


 
Жилийн орлого/цалин дундажаар 122,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 26 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 6,100. 
 
Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэх болно, учир нь санхүүгийн төлөвлөлтийг баян хүмүүс хийлгээд зогсохгүй сүүлийн үед чинээлэг тэтгэврийн хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотой. Энэ мэргэжлийн давуу тал нь томоохон корпорац, пүүсэд ажиллаад зогсохгүй өөртөө мөн ажиллах боломжтой байдагт оршино. Судлаачид энэ мэргэжлийн сул тал бол маш их хэмжээний цаастай зууралдах явдал гэж үзжээ. Энэхүү салбарын хамгийн өндөр албан тушаал нь үйлчлүүлэгчийн портфелийг хянаж, удирддаг зөвлөх байдаг.

4. Хүний нөөцийн менежер


 
Жилийн орлого/цалин дундажаар 73,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 23 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 32,300.
 
Хүний нөөцийн мэргэжилтэн жилдээ сая доллар хүртэл орлоготой ажиллаж болно. Ингэхийн тулд үндэстэн дамнасан компанид ажиллах ёстой. Энэ мэргэжлийн таатай тал бол хүмүүс ажилдаа хэрхэн хандах нь зөвхөн танаас шалтгаалж байдаг, харин муу тал нь гэвэл хүмүүсийг ажлаас халах явдал юм. 

5. Эмчийн туслах


 
Жилийн орлого/цалин дундажаар 75,000 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 50 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 4,000.
 
Энэхүү мэргэжил нь байнга эрэлт хэрэгцээтэй, учир нь хүн төрөлхтөн хөгширсөөр байгаа билээ. Гэвч албан тушаал ахих боломж хомс, мөн өөрөө бие даан шийдвэр гаргах эрхгүй байдаг. Сайн тал нь бол долоо хоногт 40 цагаас илүүгүй ажилладаг. АНУ-д зүрхний мэс засалчийн туслах нь жилд 100 мянгаас их ам.доллар авдаг.

6. Маркетингийн судалгааны мэргэжилтэн

 
Жилийн орлого/цалин дундажаар 82,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 20 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 16,000.

7. Компьютер/Мэдээлэл технологийн мэргэжилтэн

 
Жилийн орлого/цалин дундажаар 83,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 36 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 67,300.

8. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээч

Жилийн орлого/цалин дундажаар 66,000 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 23 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 4,500.

9. Эм зүйч

 
Жилийн орлого/цалин дундажаар 92,000 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 25 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 10,100.

10. Сэтгэл зүйч

 
Жилийн орлого/цалин дундажаар 66,500 ам доллар.
Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр 19 хувь.
Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 6,800.

belen hiitsen bie daaltuud ugnu. Hiitsen bie daaltnuudiin sedvuudiig n haraad heregtei bie daalt bval comment uldeej holbogdono uu